[go: up one dir, main page]
More Web Proxy on the site http://driver.im/Jump to content

1919 он

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

1919 (MCMXIX) Аргын тооллоор нэгэн мянга есөн зуун арван есөн он. Билгийн тооллоор 1919 оны шороон хонь жил. Григорын тооллоор энэ он Лхагва гарагт эхэлжээ. Хоёр дахь мянганы 919 дахь он, 20-р зууны 19 дэх жил, 1910-аад он гэж тоолбол 10 дахь жил.

Онцлох үйл явдал

[засварлах | кодоор засварлах]
  • Нэгдүгээр сарын 1 - Чехословакийн хөлсний цэргүүд Прессбург хотыг "чөлөөт хот" гэж тунхаглав. Улмаар шинээр бүрэлдсэн улсын бүрэлдэхүүнд нэгтгэхийг шаарджээ.
    • Канадын холбооны сонгуульд эмэгтэйчүүдийн сонгогдох эрхийг хуульчилжээ.
    • Канадын Торонто хотын захирагчаар Томас Ленгтон Чөрч тавь дахь удаагаа сонгогдов.
    • "Форт Мотор" компанийн ТУЗ-ийн даргын суудалд Хенри Фордын хүү Эдсел Форд суухаар болжээ.
  • Нэгдүгээр сарын 2-22 - Оросын иргэний дайн: Улаан армийн Каспи-Кавказын фронт Хойд Кавказын ажиллагааг эхлүүлэв. Гэвч зорьсон үр дүндээ хүрч чадаагүй юм.
  • Нэгдүгээр сарын 3 - Файсал-Вейзманнын гэрээнд Хезажийн Арабын хаант улсын эмир Файзал, Зионист удирдагч Чаим Вейзманн нар гарын үсэг зурлаа. Ингэснээр Палестиныг еврейчүүдийн эх нутаг гэж үзэн Ойрх Дорнодод араб-еврейчүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиров.
    • Буенос Айрес хотод төмрий үйлдвэрийн ажилчид ажил хаялт зарлав. Түүгээр ч зогсохгүй эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, цагдаа нартай мөргөлджээ.
  • Нэгдүгээр сарын 5 - Берлин дэх Спартакын бослого: Марксист үзэл баримтлалтай Спартакын лиг Коммунист нам, Тусгаар тогтнол, социал демократ намыг эмхлэн байгуулжээ. Улмаар нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм.
    • Антон Дрекслэр, сэтгүүлч Карл Харрер нар Германы хөдөлмөрчдийн намыг байгуулав. Хожим нь энэ намын суурин дээр Нацист нам байгуулагдсан билээ.
  • Нэгдүгээр сарын 6 - АНУ-ын 26 дахь Ерөнхийлөгч Теодор Рузвельт 60 насандаа таалал төгсөв. Түүний хүү энэ тухай мэдэгдэхдээ "Хөгшин арслан амьсгал хураалаа" гэжээ.
    • Дэлхийн алдарт гэр ахуйн бренд болох "Даноне" бренд Испанийн Барселона хотод байгуулагдав.
  • Нэгдүгээр сарын 7 - Эстонийн тусгаар тогтнолын дайн: Зөвлөлтийн цэргүүд Таллин хотоос ердөө 40 км-т тулж ирээд байх үед Эстонийн зэвсэгт хүчин сөрөг довтолгоог эхлүүлжээ.
    • Зөвлөлтийн Бүгд найрамдах Беларусь улс нийслэл хотоо Минск рүү шилжүүлэв.
    • Норвегийн статистикийн хороо байгуулагджээ.
  • Нэгдүгээр сарын 8 - АНУ-ын Ерөнхийлөгч асан Теодор Рузвельтийг оршуулах ёслол эхэлжээ. Түүний шарилыг төрсөн нутгийнх нь Христ сүмд байршуулсан байна.
    • Японы барилга угсралтын алдарт "Маеда" компани байгуулагдав.
    • АНУ-д Америкын зураглаачдын нийгэмлэг байгуулагджээ.
  • Нэгдүгээр сарын 8-22 - Оросын иргэний дайн: Улаан арми Воронеж-Повориногийн ажиллагааны хүрээнд Петр Красновоор удирдуулсан Донын цагаан цэргүүд рүү довтолж, ялалт байгуулжээ.
  • Нэгдүгээр сарын 9 - Тухайн үеийн нөлөө бүхий улстөрч Фридрих Эберт Берлин хотод партизаны армийг ажиллагаанд оролцохыг үүрэг болгожээ.
    • Ерөнхийлөгч асан Теодор Рузвельтийн дурсгалыг хүндэтгэн "Теодор Рузвельтийн сан" байгуулагджээ.
  • Нэгдүгээр сарын 10 - Британийн улстөрч Уинстон Черчилль Дайн болон Агаарын асуудал эрхэлсэн сайдын үүргийг хавсран гүйцэтгэхээр болов.
  • Нэгдүгээр сарын 10-11 - Партизаны арми Берлин дэх Спартакын лигийн дэмжигчид рүү дайрч эхлэв.
  • Нэгдүгээр сарын 11 - Румын улс Трансильванийг булаан эзэлжээ.
    • Гүржийн засаг захиргаа Алагир хотод их хядлага үйлдэв.
  • Нэгдүгээр сарын 12 - Оросын иргэний дайн: Өмнөд Оросын зэвсэгт хүчин Антон Деникинийн удирдлага дор Донбассын төлөөх стратегийн тулаанаа эхлүүллээ.
  • Нэгдүгээр сарын 13 - Ажилчдын зөвлөл ажил хаялтаа зогсоосноор Спартакын бослого эцэслэжээ.
  • Нэгдүгээр сарын 14 - Эстонийн тусгаар тогтнолын дайн: Эстонийн зэвсэгт хүчин Тарту хотыг Улаан цэргүүдээс чөлөөлөв.
  • Нэгдүгээр сарын 15 - Спартакын бослогод оройлж оролцсон Роза Люксембург болон Карл Лайбнехт нарын амь насыг хороожээ.
  • Нэгдүгээр сарын 16 - АНУ-ын Үндсэн хуулийн 19 дэх нэмэлт өөрчлөлтийн хүрээнд АНУ даяар алкохолыг хориглосон хуурай хууль үйлчилж эхлэв.
    • Төгөлдөр хуурч Игнасий Ян Падеревски Польш улсын хоёр дахь Ерөнхий сайдаар томилогдов.
  • Нэгдүгээр сарын 18 - Францын нийслэл Парис хотын Версалийн ордонд 27 улсын төрийн тэргүүн оролцсон Парисийн энхийн хэлэлцээ эхлэв.
    • Эстонийн тусгаар тогтнолын дайн: Эстонийн зэвсэгт хүчин Лаагна, Нарва хотыг чөлөөлөв. Улмаар Улаан цэргүүдийг Эстонийн хойд нутгаас хөөн гаргажээ.
    • Улаан арми сөрөг довтолгооноор Киев хотыг эзлэв.
    • Бентлигийн ахан дүүс Англид өөрсдийн автомашины үйлдвэрийг байгуулав.
  • Нэгдүгээр сарын 19-28 - Оросын иргэний дайн: Улаан арми Пермийн нутагт Цагаан цэргүүдийн эсрэг дайралтаа эхлэв.
  • Нэгдүгээр сарын 19 - Португалийн Умард хэсэгт Умардын хаант улс бүрэлдэн тогтов.
    • Веймарын бүгд найрамдах улс буюу Германд сонгууль болов. Энэ удаагийн сонгуульд эмэгтэйчүүд санал өгсөн юм.
    • Энэтхэгийн технологийн хүрээлэн байгуулагджээ.
  • Нэгдүгээр сарын 23 - Румын улсын Хотин хотод партизануудын хяналт тогтов.
  • Нэгдүгээр сарын 25 - Францын нийслэл Парис хотод Үндэстнүүдийн лиг албан ёсоор байгуулагджээ. Тогтоолын төслийг Британийн Гадаад хэргийн дэд сайд Роберт Сесил болон Өмнөд Африкийн дипломатч Йан Смутс нар баталсан байна. Түүнчлэн дэлхийн нэгдүгээр дайны шалтгаан, нөхцөлийг судлах, дайны гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд зохих ёсны хариуцлага оноох ажлын хэсэг байгуулагджээ.
  • Нэгдүгээр сарын 28 - Зөвлөлт социалист бүгд найрамдах Украин улсын хууль тогтоох дээд байгууллаг болох Украины ардын комиссаруудын зөвлөл байгуулагдлаа.
    • Оросын язгуур угсааны Их Вангууд болох Павел Александрович, Дмитрий Константинович, Гиоргий Михаилович, Николай Михайлович нарыг Чекистүүдийн шууд удирдлага доор цаазаар авчээ.
  • Нэгдүгээр сарын 31 - Шотландын Глазго хотын Жоржийн талбайд ажлын цагийг бууруулах шаардлагатай жагсаал сүүлдээ эмх замбараагүй байдал болон хувирч улмаар эрх баригчид хэлэлцээ хийнэ гэж амласнаар эмх замбараагүй байдал намжсан юм.
  • Хоёрдугаар сарын 1 - Эстонийн тусгаар тогтнолын дайн: Эстонийн арми Валга, Вяру хотыг чөлөөлж, Улаан армийг Эстонийн газар нутгаас бүрэн хөөн гаргав.
    • Автомашин үйлдвэрлэгч Самуэл Пандольфо болон "Пан Мотор" компанийн захирлуудын зөвлөлийн гишүүдийг залилангийн хэрэгт буруутгав. Хэдийгээр давж заалдсан боловч хуулийн асуудлын зардал болон олон нийтийн эсэргүүцлийн улмаас 1923 онд дампуурлаа зарлажээ.
    • Шинэ Зеландын Риккартон хотын дээгүүр нисэж явсан Сесиль Маккензи Хилл осолдож амь эрсдэв. Энэ нь тус улсын түүхэнд онгоцны ослоор амиа алдсан анхны тохиолдол болжээ.
  • Хоёрдугаар сарын 3 - Оросын иргэний дайн: Зөвлөлтийн цэргүүд Украиныг эзлэв.
    • Шотландад болсон ажил хаялт, эмх замбараагүй байдлын дараа Глазго хотын ойр орчимд 15 мянган цэрэг, 6 танк байрлуулжээ.
  • Хоёрдугаар сарын 4-5 - Прессбург (Братислава) хотыг Словакийн нийслэл гэж тогтжээ.
  • Хоёрдугаар сарын 4 - Беларусь улс эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг хуульчлав.
  • Хоёрдугаар сарын 5 - Алдарт жүжигчин Чарли Чаплин, Д.У.Гриффит, Даглас Фейсбэнкс нар "United Artists" кино компанийг үүсгэн байгуулав.
  • Хоёрдугаар сарын 6 - АНУ-ын Сиэтл хотод 65 мянга гаруй ажилчдыг хамарсан ажил хаялт эхэлжээ.
  • Хоёрдугаар сарын 8 - Францын нисгэгч Люсьен Боссутро Лондон-Парисын хооронд анхны арилжааны нислэг үйлдэв. Анхны нислэгэд 12 зорчигч зорчжээ.
  • Хоёрдугаар сарын 9 - Сиэтл хотын захирагч Оле Хенсон ажил хаялтыг Оросын хувьсгалтай холбон тайлбарлав. Мөн түүнчлэн орон нутгийн хэвлэлд "Хотын засгийн эрхийг авахыг завдсан хэн бүхнийг буудан хорооно" гэж мэдэгджээ.
    • Швейцарийн Берн хотоо "Берн Интернациональ" социалист байгууллага сэргээн байгуулагджээ. Ингэснээр "Коминтерн"-той хамтран ажиллаж эхэлсэн байна.
  • Хоёрдугаар сарын 10 - Олон улсын нэгдсэн эмэгтэйчүүдийн чуулган Парисын энх тайвны бага хурлын төлөөлөгчдөд танилцуулах эмэгтэйчүүдийн өмнө тулгарч буй асуудлын жагсаалтыг батлахаар хуралджээ.
  • Хоёрдугаар сарын 11 - Веймарын Үндэсний ассамблейн хуралдаанаар тус улсын анхны Ерөнхийлөгчөөр Фридрих Эбертийг сонгохоор болжээ.
    • Сиатл хотын ажил хаялтыг эцэслэх зорилгоор Вашингтон мужийн Ерөнхий прокурор холбооны цэргүүдийг дууджээ.
  • Хоёрдугаар сарын 12 - Прессбург хотын герман угсаатнууд Чехословакийн бүрэлдэхүүнд нэгдэхийг эсэргүүцэн жагссан боловч легион цэргүүд гал нээжээ.
  • Хоёрдугаар сарын 13 - Парисын энх тайвны бага хурал: Японы тал Үндэстнүүдийн лигийн гэрээнд "арьс, өнгөний тэгш байдлын заалт" тусгахыг санал болгов.
    • Герман улсад болсон сонгуулийн үр дүнгээр Засгийн газар байгуулагдав. Иргэдийн саналаар байгуулсан анхны засгийг Филипп Шейдеманн толгойлохоор болжээ.
  • Хоёрдугаар сарын 14 - Береза Картускагийн тулаан дэгдсэнээр Польш-Зөвлөлтийн дайн дэгдэв.
  • Хоёрдугаар сарын 15 - Германы хөлбөмбөгийн Ингольштадт клуб байгуулагдав.
  • Хоёрдугаар сарын 18 - Шотландад болсон эмх замбараагүй байдлыг дарах зорилгоор Глазгоу хотод байрлуулсан Британийн цэргүүдийг эргүүлэн татав.
  • Хоёрдугаар сарын 20 - Афганистаны эмир Хабибулла Ханы амь насанд Их Британид ажиллаж байсан Энэтхэгийн тагнуулч Мустафа Сегир гэгч халдан, хороожээ.
    • Банатын бүгд найрамдах улсыг татан буулгаснаар Румын, Югослав улсууд хилийн шугамаа тохирох боломжтой болов.
  • Хоёрдугаар сарын 16-21 - Эстонийн тусгаар тогтнолын дайн: Сааремаа дүүргийн тариачид Эстонийн засгийг эсэргүүцэн бослого дэгдээв. Бослогыг хүч хэрэглэн дарж, бослогод оролцсон 200 гаруй хүн амиа алджээ.
  • Хоёрдугаар сарын 21 - Бавар Ардын мужийн удирдагч Курт Айснер төрийн тэргүүний тушаалаасаа огцрохоор төлөвлөж байв. гэвч түүнийг захиргааны ордон руу явж байх үед нь Германы үндсэрхэг үзэлт Антон Граф фон Арко Ауф халдаж, амь насыг нь хохироожээ.
    • АНУ-ын армийн анхны бөмбөгдөгч онгоц Томас-Морсе анхны туршилтын нислэгээ үйлдэв.
    • Гүржийн нэрт хөгжмийн зохиолч Захария Палиашвили "Абесалом да Этери" нэрт дууриа анх удаа Тбилисийн театрын тайзнаа тавив. Гүржийн ардын туулийг 19-р зууны сонгодог хэв маягтай тохируулсан энэ дуурийн хэсгийг 2004 онд одоогийн төрийн дуулал болгон тохируулсан юм.
  • Хоёрдугаар сарын 23 - Латвийн Үндэсний театр Рига хотноо албан ёсоор нээгдэв.
  • Хоёрдугаар сарын 24 - АНУ-ын Конгресс Дэлхийн нэгдүгээр дайн-д хохирол амссан Европын 23 улсад туслах тусламжийн нэгдсэн захиргааг байгуулж, тусламжийн санд 100 сая ам.доллар төвлөрүүлэхээр тогтов.
  • Хоёрдугаар сарын 25 - АНУ-ын Орегон муж тус мужид худалдаж буй шатахууны галлон тутамд 0.26 центийн татвар ногдуулав. Ингэснээр Нэгдсэн улс даяар шатахуунд татвар ногдуулсан анхны муж болжээ.
  • Хоёрдугаар сарын 26 - АНУ-ын Конгресс Их хавцлын ихэнх хэсгийг Үндэсний дархан цаазат газар болгох шийдвэр гаргажээ.
  • Хоёрдугаар сарын 28 - Афганистаны хаан ширээнд Аманулла Хан суув.
    • Филиппин улсын эрх ямбатанууд АНУ-ын Дайны асуудал эрхэлсэн сайд Ньютон Бейкэрт тусгаар тогтнолын төлөөх өргөх бичиг танилцуулахаар Манила хотоос хөдөлжээ.
    • Зөвлөлт социалист бүгд найрамдах Литва-Беларусь улс албан ёсоор байгуулагдаж, нийслэлээ Вильнюс хотод тогтов.

Гуравдугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Гуравдугаар сарын 1 - Солонгосын Сөүл хотын нэгэн зоогийн газарт Японы колоничлолыг эсэргүүцсэн улстөрийн 33 зүтгэлтэн дүүхч Чо Нам Сёнын хамт Солонгосын тусгаар тогтнолын тунхаглалыг боловсруулж, Японы колоничлолыг эсэргүүцсэн Гуравдугаар сарын нэгний хөдөлгөөн бүрэлдэн тогтжээ.
  • Гуравдугаар сарын 2 - Оросын нийслэл Москва хотод Коминтерн байгуулах зөвлөгөөн эхлэв.Уг хуралд 20 гаруй улсын 50 орчим төлөөлөгч оролцсон гэх мэдээ бий.
    • Лихтенштейнд болсон бүх нийтийн санал асуулгад оролцсон иргэдийн 55% саналаар сонгуулийн насыг 24-өөс 21 болгож бууруулжээ.
    • Оросын засаг захиргаа нийслэл Москва хотод Санхүү эдийн засгийн хүрээлэн одоогийн нэршлээр Сангийн дээд сургуулийг байгуулав.
  • Гуравдугаар сарын 3 - Самара болон Симбирск мужуудад Зөвлөлт засгийн эсрэг хүчнүүдийн эсрэг Чапаны тулаан эхлэв. Уг тулаан дөрөвдүгээр сарыг хүртэл үргэлжилсэн юм.
    • Финланд улсад иргэний дайнаас хойш анх удаагаа бүх нийтийн сонгууль зохион байгуулав. Сонгуульд Социал демократ нам ялалт байгуулж парламентад олонх болжээ.
    • Афганистаны шинэ эмир Аманулла Хан өөрийн ах болох Насрулла Ханыг баривчлав.
    • Австрийн Ерөнхийлөгч Карл Реннер Герман-Австрийн бүгд найрамдах улсын засгийн газрыг тараав.
    • АНУ дэлхийн түүхэнд улс дамнасан агаарын шууданг анх удаагаа илгээв. АНУ-ын Вашингтон мужийн Сиатл хотоос Канадын Бритиш Колумб мужийн Ванкувер хот хүртэл Боинг компанийн хоёр дахь загварын онгоцоор анхны шууданг тээвэрлэсэн байна.
  • Гуравдугаар сарын 4 - Коммунист Интернационал буюу Коминтерн албан ёсоор байгуулагдав.
    • Оросын иргэний дайн: Адмирал Александер Колчакийн удирдлаган дор нэгдсэн цагаан цэргүүд Сибирт Улаан армийн армийн эсрэг хаврын давшилтыг зохион байгуулжээ. Цагаан цэргийн 5-р арми Йан Блумбергийн удирдлаган дор Оханск, Оса, Сарапул хотыг нэгтгэж дараа өдөр нь Уфа хотыг эзэлжээ.
    • Латви улсын мэдээллийн голлох агентлаг болох ЛЕТА компани албан ёсоор байгуулагдав.
  • Гуравдугаар сарын 6 - Германы Ерөнхийлөгч бөгөөд Зэвсэгт хүчний ерөний командлагч Фридрих Эберт зэвсэгт хүчнийг шинээр эмхлэн байгуулав. Шинээр бий болсон зэвсэгт хүчин хуурай замын 100 мянга, тэнгисийн цэргийн 15 мянган далайчинтай байхаар болжээ.
  • Гуравдугаар сарын 8 - Английн нийслэл Лондон хотод Эзэн хааны хууль тогтоох зөвлөл хуралдаж Роулаттын хуулийг батлав. Энэ хууль ёсоор Энэтхэгийг батлан хамгаалах 1915 оны хуулийн зарим заалтуудыг тодорхойгүй хугацаагаар сунгажээ.
    • Британийн эрх баригчид Египетийн популист удирдагч Саад Заглоулыг баривчлан, Мальта улс руу цөлөв. Энэ нь 1919 оны Египетийн хувьсгалыг өдөөсөн юм.
  • Гуравдугаар сарын 9 - Итали улсад эцгийн эрхт ёсыг халсан шинэ хууль үйлчилж эхлэв. Ингэснээр эмэгтэйчүүд гэр бүлийн өмч хөрөнгөө хянах, тэр ч бүү хэл өмчтэй байх, төрийн албанд нэр дэвших, хүссэн мэргэжлээрээ ажиллах эрхтэй болсон юм.
    • Испани улсын дөрөв дэх томоохон буудал болох Малага хотын нисэх буудал албан ёсоор байгуулагджээ.
  • Гуравдугаар сарын 10 - Зөвлөлтийн бүгд найрамдах Украин улс байгуулагдаж, бүгд хурлаар төрийн сүлд болон далбааг соёрхон баталжээ. Түүнчлэн бүгд хурлаар эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг олгосон байна.
    • Австралийн Ерөнхий сайд Билли Хьюз "Их Британиас Австрали хүртэл 30 хоногийн дотор нисэж чадвал 10 мянган фунтээр шагнана" гэж мэдэгдэв.
  • Гуравдугаар сарын 11 - Оросын иргэний дайн: Дон мөрний дээд хэсэгт Донын хасагууд Больщевикуудын эсрэг бослого дэгдээв. Уг бослогод Цагаан цэргүүд нэгдсэнээр бослого зургаадугаар саран эхэн хүртэл үргэлжилсэн билээ.
  • Гуравдугаар сарын 15 - Египетийн хувьсгал: Вафдын намын удирдагчдыг бослого үймээнтэй холбогдуулан баривчилнаас үүдэн Египет даяар өргөн хүрээг хамарсан үймээн самуун дэгдэв.
  • Гуравдугаар сарын 15-17 - Америкийн хөлсний цэргүүд Францын нийслэл Парис хотноо анхдугаар нэгдсэн хуралдааныг зохион байгуулав.
  • Гуравдугаар сарын 16 - Зөвлөлт Оросын цагдаагийн нууц байгууллага "Чека" Бүгд найрамдах улсын дотоодыг хамгаалах цэрэг болон өргөжив. Үр дүнд нь тус бүлэглэл Гулагийн хөдөлмөрийн лагерийг цагдаж, үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн хэнийг ч нухчин дарах болсон юм. Ердөө хоёр жилийн дотор тус байгууллага 200 мянган алба хаагчтай болжээ.
    • Зөвлөлтийн эрх баригчид нийслэл Киев хотод хүн амын тооллого явуулав.
  • Гуравдугаар сарын 17 - Филиппинийн хамтын нөхөрлөлийн улс байгуулагдав.
    • Швейцарийн холбооны зөвлөл эмэгтэйчүүдийн сонгох эрхийг хуульчлав.
  • Гуравдугаар сарын 18 - Оросын нийслэл Москва хотноо Коммунист намын 8-р их хурал эхлэв. Хуралд 313 мянган намын гишүүдийг төлөөлсөн 300 гаруй төлөөлөгч оролцжээ.
    • Испанийн Валенсиа хотод хөлбөмбөгийн клуб байгуулагдав.
  • Гуравдугаар сарын 21 - Унгарын коммнунист улстөрч Бела Кун Зөвлөлтийн бүгд найрамдах Унгар улсыг байгуулав.
    • Бүгд найрамдах ардчилсан Гүрж улсын Ерөнхийлөгчөөр Николай Чхейдзе сонгогдов.
  • Гуравдугаар сарын 22 - Францын нийслэл Парис, Бельгийн нийслэл Брюсселийг холбосон олон улсын анхны арилжааны агаарын шугам нээгдэв.
  • Гуравдугаар сарын 23 - Ирээдүйн дарангуйлагч Бенито Муссолини Италийн Милан хотын Сан Сеполкро талбайд жагсаал зохион байгуулж, Италийн Фашист хөдөлгөөн эхэлснийг зарлажээ.
  • Гуравдугаар сарын 23-27 - Австрийн сүүлчийн эзэн хаан I Чарльз эх нутгаас нь хөөж, Швейцарьт цөлөв.
  • Гуравдугаар сарын 27 - Прессбург хотын нэрийг өөрчилж Братислав байхаар тогтов.
  • Гуравдугаар сарын 30 - Оросын нисэхийн гарамгай зохион бүтээгч Игорь Сикорский Европоос зугтан АНУ-д дүрвэв.

Дөрөвдүгээр сар

[засварлах | кодоор засварлах]
  • Дөрөвдүгээр сарын 1 - Донбассын тулаан: Улааны 9-р арми Донбас мужид Цагаантнуудын эсрэг сөрөг давшилт хийв.
    • Хамбургийн их сургууль байгуулагджээ. Гэхдээ сарын дараа албан ёсоор нэг сарын дараа үүдээ нээсэн юм.
  • Дөрөвдүгээр сарын 2 - Улаан арми Крымийн хойгийг булаан эзлэв. Улмаар Зөвлөлт социалист бүгд найрамдах Крым улс байгуулах нөхцөл бүрджээ.
    • Английн Хөдөлмөрийн сайдаар Констанс Маркиевиц томилогдов. Ингэснээр баруун европт сайдын суудалд суусан анхны эмэгтэй болов. Гэвч Британийн бодлого боловсруулагчид үүнийг хүлээн зөвшөөрдөггүй билээ.
    • Бүгд найрамдах Ирланд улс Хөдөө аж ахуйн яам байгуулж, сайдаар нь Роберт Бартоныг, Нутгийн удирдлагын яам байгуулж, сайдаар нь В.Т.Косгрейвыг тохоон томилжээ.
  • Дөрөвдүгээр сарын 3 - Австрийн хаан угсааны Хабсбургийн угсааг хүчингүйд тооцсон хууль батлагджээ.
  • Дөрөвдүгээр сарын 5 - Пинскийн хядлага: Польшийн Пинск хотод больщевизмыг сурталчилсан гэж үзэн 35 еврей иргэнийг шүүх хуралгүйгээр буудан хороов.
  • Дөрөвдүгээр сарын 6-7 - Зөвлөлтийн бүгд найрамдах Бавари улс байгуулагдав.
  • Дөрөвдүгээр сарын 10 - Мексикийн хувьсгалын удирдагч Эмилиано Запатаг Морелос хотод бүсэлж, улмаар буудан хороожээ.
  • Дөрөвдүгээр сарын 12 - Францын цуврал алуурчин Анри Десир Ландруг баривчлав. Тэрээр 11+ иргэнийг хороосон юм.
  • Дөрөвдүгээр сарын 13 - Цэргийн татлагаас зайлсхийж, дайныг эсэргүүцсэн Южин В.Дебсийг Атланта хотын холбооны засан хүмүүжүүлэх газарт хорив.
  • Дөрөвдүгээр сарын 15 - Их Британид Герман болон Австрийн хүүхдүүдэд мөнгө цуглуулах хандивын аян санаачилжээ. Энэ нь хожим хойно "Дэлхийн зөн" олон улсын хүүхдийн байгууллага болсон юм.
  • Дөрөвдүгээр сарын 22 - Оросын иргэний дайн: Улаан арми Сибирийн фронт руу довтлов. Гурав хоногийн дараа Оренбургийн ойролцоо цагаан цэргүүдийг ялсан билээ.
  • Дөрөвдүгээр сарын 23 - Эстонийн Үүсгэн байгуулагчдын зөвлөл анхны хуралдаанаа хийв.
  • Дөрөвдүгээр сарын 25 - Австрали улсад анх удаа Австрали-Шинэ Зеланд хамтран Дэлхийн нэгдүгээр дайнд цэргийн ажиллагаа явуулсан өдрийг ёслон тэмдэглэв.
    • Мексикийн хувьсгалын өөр нэг удирдагч Панчо Вилла Чиуауа мужийн Паррал хотыг хяналтад авч, улмаар хотын дарга болон түүний хоёр хүүг цаазлажээ.


Энэ онд төрөгсөд

[засварлах | кодоор засварлах]

Энэ онд нас барагсад

[засварлах | кодоор засварлах]
 Commons: 1919 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан