[go: up one dir, main page]
More Web Proxy on the site http://driver.im/Jump to content

Бэйс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Бэйс буюу Гүса и бэйс[1] (манж:ᡤᡡᠰᠠᡳ
ᠪᡝᡳ᠌ᠰᡝ
, галиг: gūsai beise) нь Манжийн Чин гүрний үеийн хэтэрхий дөрвөн хэргэмийн гутгаар зэрэг бөгөөд 1636 онд бий болгосон цол юм. Үгний утга нь бэйл (бэйл+с=бэйс) цолны олон тоог заах манж үг. Бэйс цолыг анх зөвхөн манжийн хааны угсааны ноёд хэрэглэж байснаа, 1636 оноос өмнөд монгол, 1691 оноос халх монгол, 1755 оноос баруун монголын ноёдын дотроос угсаа гарал, манжийн төрд зүтгэсэн байдлыг нь үзээд тус цолыг хүртээж байсан. Ингэхдээ нэгэн үе эсвэл үе улиран залгамжлах гэсэн хоёр төрлөөр залгамжлах болжээ. Чин гүрний үед манжийн хааны угсааны эрчүүд ямар нэгэн албан тушаалгүй байсан ч, цол хэргэм хүртэж сул цалин авч байсан тул энэ харилцааг зохицуулахын тулд нийгэмд эзлэх байр суурь, гарал угсаа, хичээл зүтгэлийг нь үнэлж 12 дэс бүхий цолд хувааж байсны дөрөвт Бэйс цол орж байсан. Энэ цол нь бэйл цолны доор, улсын түшээ гүнгийн дээр байлаа.

Бэйс цолтны өмсөх төрийн дээлний фүсийг хүрэмний ар, урд хэсэгт тус тус оёно. Тус фүс нь дүгрэг хэлбэртэй дүрс дотор дөрвөн хумстай лууг дүрсэлсэн байв.

Жилийн цалин нь манжийн хааны угсааны бэйсд 1300 лан мөнгө, 1300 ху будаа өгч байсан бол монгол аймаг хошууны бэйс цолтонд өгөх цалинг “Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яамны хууль зүйлийн бичиг”-т 500 лан мөнгө, 10 зах торго жилд нэг удаа олгохоор хуваарьласан байв. Монголын бэйс цолтны хамжлага эрийн тоо 35 байв.

1923 онд Ардын Засгийн газраас ”Монголын олон засаг ба засаг бус ван гүнгүүдийн эрх хэмжээний дүрэм” батлан гаргасанаар бэйс цолыг хэрэглэхээ больжээ.

  1. Гүса и бэйс гэхийг Хошууны бэйс гэж орчуулдаг. Хошуу гэхийг манжаар Гүса гэнэ. И хэмээх нь ийн гэх харъяалахын тийн ялгал болно.